Орон нутгийн түвшинд шийдвэр
гаргахад иргэдийн оролцоог хангах нь ардчиллыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах,
төрийн үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бусад санаачлагуудыг амжилттай
хэрэгжүүлэх түлхүүр гэдгийг өнөөдөр хүн бүр хүлээн зөвшөөрч байна. Үндэсний
түвшинд сонгуулийн ба төлөөллийн ардчилалд илүү анхаарч байсан бөгөөд харин авч
хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд жирийн иргэдийн амьжиргааг сайжруулахад
мэдэгдэхүйц нөлөөлж чадаагүйг харгалзан үзэж өнөөдөр иргэдийн оролцоо ба орон
нутгийн түвшин дэх үр ашигтай ил тод, хариуцлагатай тогтолцоонд анхаарал
төвлөрүүлэх болсон.
Монгол улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 1-д Монгол улсад засгийн бүх эрх ард
түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн
сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан
энэхүү эрхээ эдлэнэ гэж заасан байдаг нь иргэдийн шийдвэр гаргах үйл явцад
оролцох эрхийг хуульчлан баталгаажуулсан хэрэг юм.
Монгол улсын шинэ засгийн газар болон ерөнхийлөгч бүрийн мөрийн хөтөлбөрт, мөн
төрөөс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, эмэгтэйчүүд, нийгмийн хамгаалал,
хүн амын зэрэг асуудлаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд иргэний оролцоо,
төрийн бус байгууллагыг дэмжинэ, хамтарч ажиллана, оролцоог нь нэмэгдүүлнэ
гэсэн заалтууд байдаг. 2003 онд Монголд болсон Ардчиллыг шинээр болон сэргээн
тогтоосон орнууд (АШСТО)-уудын олон улсын V бага хурлаас гаргасан Улаанбаатарын
тунхаглалд “Бид иргэний нийгэм болон засгийн газар хоорондын түншлэлийг дэмжин
урагшлуулах болно. Энэ зорилгоор бид орон нутгийн болон үндэсний түвшинд
шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийг өргөнөөр татан оролцуулах үүрэг
хүлээж байна.” гэж хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр нь өнөөгийн хэрэгцээ, цаашдын
үр нөлөөг харгалзан боловсруулагдсан утгаараа төр – иргэний нийгмийн харилцаа,
хамтын ажиллагааг сайжруулах, төрийн бодлого боловсруулахад иргэний нийгмийн
оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэх нь маш чухал асуудал болохыг төр хүлээн зөвшөөрч
буйн илэрхийлэл юм. Гагцхүү түүний хэрэгжилт тун хангалтгүй байсаар ирсэн нь
харамсалтай.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь
нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг
дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион
байгуулахаар хуулинд заасан байдаг. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг,
нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
(ИТХ), баг, хороонд иргэдийн Нийтийн хурал (ИНХ), тухайн Хурлын хуралдааны чөлөө
цагт түүний Тэргүүлэгчид байдаг. Хэдийгээр эрх мэдэл төвд төвлөрч, орон нутгийн
бие даасан байдал алдагдан, нутгийн удирдлагын байгууллагуудын эрх хэмжээ тун
хязгаарлагдмал болсоныг хүлээн зөвшөөрч буй ч нутгийн удирдлагын
байгууллагуудын эрх мэдлийн өнөөгийн байдлаас Аймгийн засаг дарга, ИТХ, Сумын
засаг дарга, ИТХ, Багийн засаг дарга, хамгийн эцэст ИНХ гэсэн эрх мэдлийн
шатлал ажиглагдаж байгаа. Иргэдийн оролцооны талаас авч үзвэл үүний эсрэг буюу
Багийн ИНХ-д иргэдийн оролцоо харьцангуй дундаж боловч удирдлагын түвшин өгсөх
тусам оролцоо буурч байна.
Хэдийгээр ИНХ-д хуулиар олгосон эрх хэмжээ нь тун
хязгаарлагдмал боловч ИНХ нь харьяа багийн тулгамдсан асуудлыг иргэд өөрсдөө
оролцон хэлэлцэх, багийн даргад үүрэг даалгавар өгөх, дээд шатны хурал, засаг
даргад саналаа уламжлах боломжтой иргэний шууд оролцооны байгууллага юм.
Багуудын хувьд жилд хэдэн удаа хуралддаг нь баг бүрт янз бүр байна. Зарим баг
жилд 4-5 удаа хурал зохион байгуулдаг бол зарим баг ялангуяа аймгийн төвүүдийн
баг 1-2-аас төдийлэн хэтэрдэггүй байна. Аймаг, сумын төвийн хувьд багийн ИНХ-ын
ирц ихэнх тохиолдолд хангалтгүй, заримдаа ирц бүрдэхгүй (бүр хүн цуглахгүй)
байх явдал нийтлэг байдаг бол харин хөдөөгийн багуудын ирц хувьд харьцангуй
сайн байна. Судалгаанд оролцогчдын 37.6 хувь нь багийнхаа хуралд огт
оролцдоггүй гэж хариулсан байна. Харин 17.5 хувь тогтмол, 44.8 хувь нь хааяа
оролцдог байна. Багийн хуралд оролцдог иргэдийн 72.7 хувь нь жилд 1-2 удаа л
оролцдог ажээ.
Хуралд хамгийн идэвхтэй, тогтмол оролцдог иргэд бол 45-аас дээш насны иргэд
байна. Судалгаанд оролцсон дээрх иргэдийн 74.8 хувь багийн хуралд оролцдог гэж
хариулжээ. Иргэдийн дунд ч гэсэн багийн хуралд ахмадууд л оролцож байдаг байх
гэсэн ойлголт хандлага нийтлэг байна. Харин залуучуудын идэвх, оролцоо тун тааруу
байгаа нь асуулга болон ярицлагаас илэрч байна. 18-25 насныхны 55.5 хувь, 26-35
насныхны 44.0 хувь нь багийн иргэдийн хуралд огт оролцдоггүй байна. Онцлох
нэгэн зүйл бол хувийн секторт ажиллагсад хуралд огт оролцдоггүй иргэдийн
хамгийн их буюу 32.1 хувийг эзэлж байгаа явдал юм.
ИНХ дахь иргэдийн оролцоонд сөргөөр нөлөөлж дараах гол хүчин зүйлс байна. Юуны
өмнө иргэдийн багийн ИНХ-д оролцох сонирхол, түүнээс хүлээх хүлээлт маш доогуур
байна. Хуралд огт оролцдоггүй иргэдийн давхардсан байдлаар 39.3 хувь нь
оролцлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж хариулсаны сацуу 20 хувь нь сонирхол
байдаггүй, 13.1 нь оролцоод ач холбогдолгүй гэж боддог гэжээ. Энэ нь нэг талаас
багийн хурлын эрх хэмжээ тун хязгаарлагдмал, багт өөрийн төсөв хөрөнгө
санхүүгийн эрх мэдэл огт үгүй байдагтай, нөгөө талаас иргэдийн хэлэлцэж
шийдвэрлэсэн асуудлууд нь дээд шатны байгуулагад уламжлагдах боловч ихэнхдээ
тодорхой үр дүнгүй замхардагтай холбоотой байна. Хэдийгээр эрх хэмжээ
хязгаарлагдмал боловч багийн хурал бол иргэд олон асуудлыг хоорондоо хэлэлцэх,
үзэл бодлоо илэрхийлэх, хамтран ажиллах, бие биенээ дэмжин туслах боломжтой
газар юм. Гэвч ихэнхдээ дээд шатны төрийн байгууллагууд, үйлчилгээний
байгууллагууд тухайлбал хүний эмч, малын эмч, цагдаа гэх мэтийн үйл ажиллагаа,
тайланг танилцуулсан, иргэдийн үүргийн биелэлт ялангуяа татвар төлөлтийг байнга
сануулсан, цөөн хэдэн тогтмол үг хэлдэг иргэд, ихэнх нь сонсогчийн хувиар
оролцдог хурал болдог байна.
ИНХ-д оролцдоггүй иргэдийн 39.3 хувь нь
мэдээлэл байхгүй учраас оролцож чаддаггүй гэжээ. Хачирхалтай нь аймгийн төвд
амьдарч буй иргэд хөдөөний иргэдээс илүүтэйгээр ийм хариулт өгчээ. Хувийн
секторт ажиллагсдын хувьд хуралд оролцож чаддаггүйгээ мэдээлэлгүй байдагтай
холбон авч үзэх нь нийтлэг байв. Төрийн буюу төсвийн байгууллагын ажиллагсдын
хувьд нутгийн удирдлагын байгууллагуудын талаархи мэдээлэл сайтай байгаа бөгөөд
мөн багийн оролцоо нь ч өндөр байна. Энэ нь мэдээлэл түгээлт нутгийн удирдлагын
байгууллагын өөрийн хүрээнээс цааш гарч чадахгүй байгааг илтгэнэ. Судалгаанд
оролцогчдын тал хувь нь “бусад хүмүүсийн ярианаас” мэдээлэл олж авч байгаа нь
ам дамжсан яриа нутгийн удирдлагын талаар мэдээлэл дамжуулах нэгэн суваг болж
байгааг харуулна. Харамсалтай нь ам дамжсан ярианаас үнэн мэдээлэл олж авах
магадлал тун бага байдгийг судлаачид нотолсон байдаг.
ИНХ-ын талаархи иргэдийн мэдлэг боловсрол дутмаг байгаа нь тэдгээрийн оролцоонд
нөлөөлж байна. Иргэд ИНХ-ын хууль ёсны эрх мэдлийн талаар төдийлэн мэпэхгүй
байна. ТАН хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний
боловсрол олгох төсөл хэрэгжсэн багуудын ИНХ дахь иргэдийн ирц сайжирч,
оролцооны хэлбэр, агуулга баяжиж байгаа нь иргэдтэй хийсэн бүлгийн ярилцлагаас
ажиглагдаж байлаа. Иргэдийн дунд ИНХ-д оролцох ач холбогдол, зорилгыг зөвөөр
ухаарсан ойлголт, хандлага, цаашлаад зан үйл бий болоогүй цагт ИНХ одоогийн
байдлаасаа өөрчлөгдөх боломжгүй юм. Иймээс иргэдийн шийдвэр гаргах явц дахь
оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэдийн иргэний боловсролд чанарын ахиц дэвшил
гаргахад анхаарах хэрэгтэй байна.
Дүгнэлт
Тухайн багийн нийт
иргэд шууд оролцож болох нутгийн өөрийн удирдлагын анхан шатны байгууллага
ИНХ-д иргэдийн оролцооны түвшин маш доогуур байгаа нь хурлын хэлэлцэн
шийдвэрлэх асуудлын хүрээ маш хязгаарлагдмал, холбогдох мэдээллийн хүртээмж муу
байдгаас хамаарч байна. ИНХ нь иргэдийн хуран цугларч, нийтлэг асуудлаа
хэлэлцэн шийдэх эс бөгөөс дээш уламжлах, иргэд нэгдэх, хамтран ажиллах
сонирхол, сэдэл, хандлагыг бий болгосон нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр нутгийн
өөрийн удирдлагыг жигхэнэ утгаар хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Аймаг, сумын
ИТХ-ын түвшинд шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо хангалтгүй байна.
ИТХ-ын хаалттай байдал, иргэдийн төлөөлөгчидийн иргэдийн төлөөлөлгүй болсон
явдал нь үр нөлөө бүхий иргэний оролцоо нэмэгдэхэд тээг болж байна. Монгол улсын
холбогдох хуулиуд болон аймаг, сумдын хурлын дэгд хийсэн шинжилгээнээс үзвэл
иргэдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог төдийлэн анхааралгүйгээр
орхигдуулсан эс бөгөөс хязгаарласан байдалтай байна. ИТХ-ын төлөөлөгчөөр
дамжуулан санал дэвшүүлэх, хурлын хуралдаанд ажиглагчаар оролцох гэсэн өнөөгийн
эрх зүйн хүрээн дэх оролцооны хэлбэр иргэдийн оролцоог хангах ямар ч боломжгүй
байна. Учир нь иргэдийн төлөөлөгчид иргэдтэй ажиллахгүй байна. Иргэдийн 70
гаруй хувь нь сонгосон төлөөлөгчтэйгээ нь сонгогсоноос хойш огт уулзаагүй гэсэн
бол 30 гаруй хувь нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөө огт танихгүй гэсэн байна.
Хуралд хэн оролцохыг иргэдийн хүсэлтээр биш хурлын дарга, тэргүүлэгчдийн
урилгаар шийддэг нь оролцоог дэмжих бус хязгаарлаж байгаа хэрэг юм.
Өнөөдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтаар орон нутгийн нийшэм эдийн засгийн
үйл ажиллагааг зохицуулах харьцангуй өргөн эрх эдлэж буй Засаг даргын гүвшин
дэх шийдвэр гаргах үйл явцад иргэдэд мэдээлэл өгөх, тэдэнтэй зөвлөлдөх,
тайлагнах тогтмолжиж хэвшсэн бүтэц, удирдлагын арга барил, эрх зүйн босго
шаардлага байхгүй нь иргэдийн оролцооны үр нөлөөг бууруулж, хязгаарлахад хүргэж
байна. ФМ радиогаар иргэдтэй уулзах, санал шүүмжлэлийн утас ажиллуулах,
өргөтгөсөн хурал зохион байгуулах зэрэг санаачлагууд хэрэгжиж буй нь энэ чиглэлд
хийгдэж алхамууд мөн бөгөөд эдгээрийг эрх зүйн болон институцийн түвшинд
бэхжүүлж өгөх шаардлагатай байна.
Орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи, үйл ажиллаганы хамрах
хүрээ, санхүүгийн байдал сул байгаа нь шийдвэр гаргах үйл явцад оролцох,
бүлгийн болон нийтийн эрх ашгийг нэгтгэж илэрхийлэх, хэрэгжүүлэхэд ихээхэн саад
болж байгаа ч нэг талаас нутгийн удирдлагад бодлогын үйл явцад ИНБ-ыг
оролцуулах сонирхол, хандлага төлөвшөөгүй, нөгөө талаас ИНБ-ын зүгээс хүчтэй
шаардлага тавьж оролцох арга замаа төдтйлэн эрэлхийлдэггүй нь том тээг болж
байна. Цаашид шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр
дараах механизм зохицуулалтыг буй болгох саналтай байна.